Hicheeldaalgavar

1.ӨВӨГ, ЭМЭГ

Цэндийн Дамдинсүрэн миний өвөг эцэг Эрэгзэндоной, урьдын Цэцэнхан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт 1860 хэдэн онд малчин ард Шугарын гуравдугаар хүү болон төржээ. Бага наснаас мал маллан аж төрж явжээ. Эрэгзэндоной монгол ном бичиг сайн уншдаг боловч өөрөө бичдэггүй байсан. Залуудаа Утайд нэг очиж мөргөсөн, Өвөрмонголын Хорчин нутгийн Луваан хотод аян жин тээж нэг очсон, өөр гадаадад явж үзээгүй гэдэг. Шарав, Цэнд, Зундуй, Лувсан-Осор, Дамдинзав гэдэг таван хүүтэй, Хашайхь, Амгалан, Лонжим гэдэг гурван охинтой байсан. Эдгээр таван хүү, гурван охины үр хүүхэд одоо Матад сум, Дорнод аймагт олон айл өрх хүмүүс гол төлөв мал маллан амьдарч байна. Эрэгзэндонойн их эхнэр нь Гундантангад гэдэг хүний ганц охин юм гэнэ билээ. Шарав, Цэнд хоёрыг төрүүлээд залуудаа нас баржээ.

Эрэгзэндоной өөрөө Ардын засгийн үйл ажлыг дуртай угтан тусалж байсан бөгөөд 1924 онд Матадын хушууны хурлын төлөөлөгч байж хуучны ноёд түшмэдийн эрх ямбыг хасаж. жинхэнэ ардын захиргааг байгуулахад идэвхтэй оролцож байсан. Эрэгзэндоной сайн мал аж ахуйч, сайн анч хүн байсан. 1927 оны зун боом өвчнөөр өвдөж 60 хэдэн насандаа бие барсан юм.

2.ЭЦЭГ ЭХ

Эцэг Цэнд 1882 онд Эрэгзэн-донойн хоёрдугаар хүү болж төрсөн юм. Бага наснаас гэртээ монгол бичиг заалгаж сайн бичээч болжээ. Матад хушууны тамгын газар ба Цэцэнхан аймгийн чуулган даргын -жасаанд олон удаа бичээчийн алба хааж явсан байна. 1908-1911 он хүртэл Өвөрхангайн Гарди гэдэг газарт Халхын хорин гэдэг өртөө хийж байжээ. Тэнд өртөөний албыг сайн хийлээ гэж сул залан жинс шагнасан байна. 1920 оны зун хушууны жинхэнэ залан болж 1921 оны намар хушууны мэйрэн болж дэвшсэн ба 1922 оны намар өвчний учир албан тушаалаас халагдаж жил тойрон өвчтэй байгаад 1923 оны зун Дорнод аймгийн төвд эмнүүлж байгаад нас баржээ.

Тэгэхлээр эцэг Цэнд Автономитын үед нэг жил, Ардын засгийн үед нэг жил илүү хушууны түшмэл байсан байна. Цэнд ард олны дунд сайн нэр хүндтэй, бичиг үсэгт овоо чадвартай хүн байсан. Хүү Дамдинсүрэн над гэртээ монгол бичиг зааж сургасан. Манайд жил тойрон үргэлж 1-5 хүүхэд монгол бичиг заалгаж суудаг байсан. Энэ нь нэг ёсны гэрийн сургууль байсан юм. Манай ааваар бичиг заалгаж сурсан олон сайн бичээч, ардын засгийн үед аймаг, хушуу ба улсын төвд алба хааж явсан.

Эдний заримын нэрийг дурдвал: Амарсайхан, Чулуунбаатар, Минжүүр Бүргэд, Цэгмид, Дүгэржав зэрэг хүмүүс болно. Цэндийн эхнэр Уламбаяр, манай хушууны Аюушжав захирагчийн ач охин болж 1878 онд төрсөн. Эх Уламбаярын эцэг нь Гүен Гомбодоной гэж малч хүн байсан. Уламбаяраас Лувсанжамц, Дамдинсүрэн бид хоёрыг төрсний дараа эцэг Цэнд эхнэрээ орхиж бага эхнэр Хандыг авсан юм. Гэвч хоёр хүүтэй эхнэрийг гэрт нь буцааж болохгүй гэж өвөг эцэг Эрэгзэндоной шийдвэрлээд гэр тусгаарлаж мал тасдаж өгөөд манай эхийг тусгай айл болгосон юм гэнэ билээ. Эх Уламбаяр нутагтаа малын ажил эрхэлж явсаар 1939 оны өвөл нас барсан.

Манай эцэг өвөг, хамаатан садны дотор хувьсгалын төлөө ба хувьсгалын эсэргүү цагаан Барон, гамингийн цэрэгт оролцож явсан хүн байхгүй. Ер нь аль ч цагт хариуцлагатай дээгүүр ажил хийж явсан хүн байхгүй. Гол төлөв малчин, хар бор ажилчин хүмүүс юм. 1925 оны хавар би Улаанбаатарт ирээд Ванчигийн Буяндэлгэр гэдэг хүнтэй танилцаж түүний гэрт удтал сууж хамт амьдарч байлаа. Тэгээд Буяндэлгэр миний өргөсөн эцэг болсон юм. Буяндэлгэр 1963 онд 84 хүрч нас барсан.

З.ӨӨРИЙН НАМТАР

Ц.Дамдинсүрэн би Цэнд бичээчийн хоёрдугаар хүү болж 1908 (1907) онд Матад суманд төрсөн, жинхэнэ халх, малчин ард гаралтай тайж Жамъяангаравын хамжлагын хүн билээ. Бага насандаа хөдөө мал маллаж явлаа. Эцэг Цэндээр монгол бичиг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон.

1923 онд би хойт эх Хандтай хамт үлдэж өрх тэргүүлэх болов.

1924 онд өвөг эцэг Эрэгзэндонойн сануулсан ёсоор би Матад хушууны Намын үүрт гишүүнээр элсэн орсон. 1925 оны нэгдүгээр сард Тамсаг дахь цэргийн хорооны бичээчээр томилогдож тэндээс Улаанбаатарт ирээд Нэгдүгээр морин бригадын гуравдугаар хорооны бичээч, эх зохиогчоор мөн жилийн өвлийг хүртэл ажиллав. Эхийн бие өвчтэй байсан учир чөлөө гуйж цэргээс халагдав.

1926 оны зун Хэнтий аймгийн төв дээр зохиогдсон намын үүрийн дарга нарын түр сургуульд суралцаж онц дүнтэй төгсөөд тэндээс Матад суманд очиж намын үүрийн даргаар ажиллав. Тэгээд Хэнтий аймгийн намын их хурал хуралдаж мөн хурлын даргаар сонгогдсон ба мөн хурлаас Хэнтий аймгийн намын хорооны зохиолын хэлтсийн эрхлэгчээр сонгогдож ажиллав. Мөн оны намар хуралдсан намын тавдугаар их хуралд Хэнтий аймгийн намын хорооны төлөөлөгчөөр ирж хуралдав. Мөн их хурлын тэргүүлэгчээр сонгогдож байсан ба Хэнтий аймгийн намын хорооны тайлан илтгэлийг их хуралд илтгэсэн болно. Энэ бол намын талаар миний гүйцэтгэсэн хамгийн том үүрэгт ажил болно.

1926 оны есдүгээр сарын 1-нээс Залуучуудын эвлэлийн төв хорооны байнгын тэргүүлэгч, хэлтсийн эрхлэгчээр сонгогдож “Үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр нөхөр Навааннамжилын хамт ажиллав. “Үнэн” сониныг 1927 оны дөрөвдүгээр сарын 18-наас 1929 оны нэгдүгээр сарын 10 хүртэл Дамдинсүрэн би нөхөр Навааннамжилын хамт гарын үсэг зурж гаргасан байна.

Энэ үед марксизмын оройн бүлгэмд явж модон хөлт хэмээх Гомбожав, Коняев нараар марксизмын анхны мэдэгдэхүүнийг заалгав. Миний татлан бичсэн тэмдэглэлийг засаж Буяннэмэх уг хичээлийн агуулгыг намын сэтгүүлд хэвлэсэн.

1928 онд өрнөсөн намын доторх баруун зүүний тэмцлийн үед би нас бага байсан бөгөөд учрыг мэдэхгүй дундыг барьж явсан ба сүүлдээ учрыг мэдэж зүүний этгээдэд идэвхтэй тусалж явав. Ийм ч учраас 1929 оны нэгдүгээр сарын 26-наас Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогдож нэг жил илүү ажиллав. Cap бүр 180 төгрөгийн цалин авдаг байсан.

Мөн үйлдвэрчний төв зөвлөлийн дарга байхдаа 1929 онд феодлын хөрөнгө хураах төв комиссын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байсан. Тус комиссын тайлан илтгэлийг бичсэн.

1929 оны нэгдүгээр сарын 9-нд уран зохиолчдын бүлгэмийг анх байгуулахад элсэн орж тэргүүлэгчээр нь сонгогдсон ба мөн бүлгэмийн даалгавраар “Гологдсон хүүхэн” гэдэг анхны туужаа бичиж хэвлүүлсэн.

1930 оны хоёрдугаар сарын 15-нд Үйлдвэрчний төв зөвлөлийн даргын ажлаас халагдав. Тэндээс Говь-Алтайн Жавхлантын хушуунд очиж хамтралын сургагчаар ажиллав. Бурхан Буудай уулын өвөрт Төгрөг гэдэг газарт хамтрал байгуулав. Олон айл малыг бөөгнөрүүлсэн учраас мал нь зун таргалсангүй. Тэгэхлээр нь намар нь хонийг хэд хэдэн зуугаар сүрэг болгож хүмүүст хувааж өгөөд айлуудыг ‘‘Малаа сайн бэлчээрт гаргаж таргалуул” гээд тарааж нүүлгэв. Гэтэл Дотоод яамны хэлтсийн төлөөлөгч Сартуулын Чойжинжав “Хамтрал тараав” гэж дээд газарт худал мэдээ явуулаад намайг хамтралын сургагчийн албанаас 1931 оны гуравдугаар сарын 15-нд халуулав. Сүү тосны түр сургуульд монгол бичгийн багш болж ажиллав.

1931 оны хавраас 1932 оны намрыг хүртэл Буриадын эрдмийн хүрээлэнд ном орчуулах хэрэгт туслалцаж байв. Сталины “Ленинизмийн асуудал” гэдэг номыг латин үсгээр хэвлэн гаргав. Энэ номыг орчуулах хэвлэх хэрэгт Дашнимаевтай хамтран ажилласан бөгөөд энэ номын дээр миний нэр бий.

1932 оны намар Улаанбаатарт ирж Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлагч болж ажиллав. Сарын 160 төгрөгийн цалин авч байсан. Монгол хэлний тайлбар хийх ажил дээр манай хуучин сэхээтэн Гомбожав мэргэн, Ринчен, Д.Нацагдорж нартай хамтран ажиллаж тэднээс их зүйлийг сурч авлаа. Шагж гуайн монгол төвд хэлний гүнзгий мэдлэг, Дорж гуайн ардын домог яриа миний хүмүүжил боловсролд их нөлөөлсөн юм.

Манай хөдөөнөөс эх Уламбаяр ирсэн тул би хамт нэг гэрт суудаг байлаа. Зохиолч Д.Нацагдорж манайхаар байн байн ирдэг байсан тул түүнтэй сайхан танилцсан юм.

1933 оны зургаадугаар сард Шинжлэх ухааны хүрээлэнгийн намын үүрийн Лэгцэгдорж намын татварыг Буриадад байхдаа хураалгасангүй гэдгээр шалтаг хийж миний хуучин батлахыг хүчингүй юм гэж шинэ батлах олгохдоо 1933 оны зургаадугаар сард намд элссэн гэж буруу бичсэн юм. Чухамдаа би

1924 оны зургаадугаар сард Матадын намын тавдугаар үүрт гишүүнээр элссэн ба аймгийн намын хорооны сонгуульд орж намын тавдугаар их хуралд хуралдсан баримт бий.

1933 оны есдүгээр сард Ленинград хотод бага ястны дээд сургуульд орж эрдэмтэн нарыг дагалдан суралцав. 1934 оны гуравдугаар сард Дорно дахиныг судлах институтэд шилжиж, 1938 оны хоёрдугаар сарыг дуустал суралцав.

1936 онд Ленинградын их сургуулийн монгол ангийг төгсгөсөн Л.В.Зевинаг гэргий болгож авлаа. 1937 онд хүү Лев төрөв.

1938 оны гуравдугаар сард Улаанбаатарт дуудагдаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд судлагчаар ажиллав.

1938 оны зун турш Булган аймагт суртлын бригадын даргаар 17 хүнийг толгойлж, 11 сумаар явж ажиллав. Энэ тухай тайлан Улсын архивт бий гэнэ.

Пушкиний “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, Пантелеевийн “Дугтуйтай бичиг” зэрэг зохиолыг орчуулж хэвлүүлэв.

1938 оны арваннэгдүгээр сарын 4-нд Дотоод яаманд баригдав. Цэнд, Намхайжанцан, Бадрах нар намайг 15 cap мөрдөн байцаав. Цэнд нь хуулийн хороонд сүүлд ажиллаж байсан. Хэрэгт холбогдолгүй болон цагаадаж 1940 оны нэгдүгээр сарын 27-нд суллагдан тавигдав.

Ленинградаас эхнэр, хүүхдээ авчраад Улаанбаатарт хамт амьдрав.

  1. Хүү Цэндийн Лев 1937 онд төрсөн.
  2. Хүү Цэндийн Константин 1942 онд төрсөн.
  3. Хүү Цэндийн Михаил 1946 онд төрсөн.
  4. Охин Цэндийн Дулмаа 1954 онд төрсөн.

1940 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлжлэн ажиллаж байхдаа “Нууц товчоо”-г орчуулж эхлэв. Шинэ үсгийн дүрмийг зохиов. 1942 оны тавдугаар сарын 7-ноос намын “Үнэн” сонины эрхлэгчээр шилжиж, хоёрдугаар дайны турш ажиллав. 1942 онд Зөвлөлтийн фронтод маршал Чойбалсангийн хамт бэлэг хүргэж очив. “Үнэн” сониноор дамжуулж хуучин бичгийн хэлний найруулгыг засаж орчин үеийн ярианы хэлэнд ойртуулав. Сонины ажлыг сайн хийв гэж одон медалиар ч шагнагдаж байв.

Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл, маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл зэргийг бичив. Уран зохиолчдын “Цог” сэтгүүлийн анхны ^угаарыг гарахад оршил бичсэн ба “Солийг сольсон нь” гэдэг өгүүлэл бичиж хэвлүүлэв. Эрдэм шинжилгээний ажлыг хийх хүсэлтээ илэрхийлж 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Үнэн” сонины эрхлэгчийн ажлаас халагдаж Шинжлэх ухааны хүрээлэнд очиж ажиллав. “Нууц товчоог” орчуулж дуусгав. Шинэ үсгийн цагаан толгой ба сурах бичгийг зохиож хэвлүүлэв.

1946 оны намар эхнэр хүүхдийн хамтаар Ленинградад очиж Дорно дахиныг судлах институтийн аспирант болов. Дайны дараахан үед хэдэн нялх хүүхдийг тэжээхэд хэцүү байлаа. Гэвч Монголын нам засгийн удирдагчид, ялангуяа маршал Чойбалсан намайг амжилттай сурч байна гэж мэдээд элдвээр халамжлан тусалдаг байв. 1945 ба 1947 онд төрийн шагнал олгосон нь Ленинградад хэдэн хүүхэдтэйгээ амьдарч судлалын ажлаа хийх боломжийг олгож их тус дэмжлэг болов. Би “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” гэдэг номыг бичиж 1950 оны аравдугаар сарын 24-нд Москвад дэд эрдэмтний зэргийг хамгаалав. “Гэсэрийн туужийг магтав", “Үндсэрхэх үзлийг гаргав” гэж намайг сонин хэвлэлд хэдэн удаа шүүмжилсэн боловч тэр “Хэтэрхий хувьсгалчид” сүүлдээ жаахан номхров. Намайг Москва, Ленинградын эрдэмтэн нар эрдэм шинжилгээний ажил хийж сургасан ба ялангуяа зэрэг хамгаалахад гүн дэмжлэг үзүүлсэнд одоо хүртэл талархан дурссаар байна. Үндсэрхэх үзэлтэй тэмцэх намын зөв бодлогыг гуйвуулж өөрсдийн дургүй хүмүүсийг цохих арга болгон ашиглах явдал гарч байсныг Зөвлөлтийн эрдэмтэд эрс няцаасан юм.

1950 оны наймдугаар сарын 22-нд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдов. Энэ ажлыг гурван жил хийв. Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлыг мал аж ахуйд хандуулах гэж чармайн ажиллав. 1953 оны есдүгээр сарын 30-нд Зохиолчдын хорооны даргаар томилогдов. Дараа нь Улсын их сургуулийн багш болов. 1961 онд Шинжлэх ухааны академийг байгуулахад академич болов.

1963 оны зургаадугаар сарын 21-нд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын ажлаас халагдаж зөвхөн эрдэм шинжилгээний ажилтан болов. Би 1959 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болсон юм. 1967-1969 онд 50 мянган үгтэй орос, монгол толийг нөхөр Лувсандэндэвийн хамт зохиож хэвлүүлэв. 1971-1973 онуудад хоёр жил Зөвлөлтийн дорно дахиныг судлах институтын урилгаар Ленинградад очиж ажиллаад Энэтхэгийн Рамаяна гэдэг алдарт үлгэр Монгол оронд дэлгэрсэн тухай зохиол бичиж монгол орос хоёр хэлээр хэвлүүлэв. Хуучин монгол уран зохиолыг олон жил судалж “Монгол уран зохиолын дээж зуун билгийг” хэвлүүлсэн юм. Монголын хуучин уран зохиолын тойм гурван дэвтэр миний удирдлагаар зохиогдож гараад байна.

Дээд газраас намайг зэмлэж байсан удаа байвч намайг сайшаан урамшуулж байсан удаа олон бий. Төрийн шагнал гурван удаа хүртсэн ба одон медаль олныг авсныг дурдаж болно. Цаашдаа эх орон ард түмэн, нам засагтаа үнэнч, үр бүтээлтэй ажиллахыг чармайж байна. Сүүлийн үед нийтээр мөрдөх монгол үсгийн дүрмийн толь бичгийг багш Осорын хамт зохиож гаргав.

Одоо би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахлах aжилтан, академичаар ажиллаж байна.

1929 оноос 1986 он хүртэл 50 гаруй жилд уран зохиол нэлээдийг бичсэн, түүвэр зохиол Монголд гурван удаа, 3ХУ-д нэг удаа хэвлэгдсэн болно.

Төрийн шагнал

  1. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл бичсэн учир төрийн шагнал авсан.
  2. 1947 онд “Монголын нууц товчоо”-г орчуулсан учир төрийн шагнал авсан.
  3. 1950 онд Сүлд дууны үг зохиосон учир төрийн шагнал авсан.

Гадаад орны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн болсон тухай

1970 онд Финлянд улсад байдаг угрофинийн нийгэмлэгийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон, жуух бичиг бий. 

1973 онд Унгар Улсын Чома Көрөшийн нэрэмжит дорно дахиныг судлагчдын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгогдсон. Жуух бичиг бий.

Эрдмийн цол зэргийн тухай

  1. 1950 оны аравдугаар сарын 24-нд Москва хотод дорно дахиныг судлах институтийн эрдмийн зөвлөлийн хурал дээр “Гэсэрийн туужийн түүхт үндэс” гэдэг зохиолоо хэлэлцүүлж хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан. Мөн институтээс 1952 оны гуравдугаар сарын 1-нд олгосон дипломын дугаар 00981.
  2. Монгол Ард Улсын эрдмийн зэрэг цол олгох улсын комиссоос 1957 оны аравдугаар сарын 22-ны өдөр 1 тоот тогтоолоор Ц.Дамдинсүрэнд профессор цолыг олгожээ. Мөн комиссоос  1957 оны арванхоёрдугаар сарын 14-нд олгосон үнэмлэх бичгийн дугаар 01.
  3. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр (академичаар) 1961 оны тавдугаар сарын 22-нд сонгогдов. Мөн өдөр олгосон БНМАУ-ын ШУА-ийн жуухын дугаар 2.
  4. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох дээд комиссоос 1972 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 2-р тогтоолоор Ц.Дамдинсүрэнд докторын зэрэг олгожээ. Мөн комиссоос олгосон докторын дипломын дугаар 004.

Намтрыг өөрөө үнэн мөрөөр бичсэн Ц.Дамдинсүрэн.

1984.03.15

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)