Hicheeldaalgavar
Систем гэдэг үгийг монгол хэлнээ “тогтолцоо” хэмээн ашигладаг ч бид цаашид “систем” гэж томьёолох болно. Дэлхий дээрх амьдралыг өөр хоорондоо харилцан холбоо бүхий байгалийн болон хүний гараар бүтээгдсэн төрөл бүрийн системүүдийн нэгдэл, асар том сүлжээ хэмээн ойлгож болно. Бид өөрсдөө гэхэд л биологи, нийгэм, эдийн засаг зэрэг олон тооны системүүдээс тогтох нэгэн том сүлжээнд оршиж буй бие даасан дэд систем болно.
Систем нь өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн иж бүрдэл. Дурын систем нь өөртөө дэд хэсгүүд буюу дэд системүүдийг агуулсан нийлмэл бүтэцтэй байж болохоос гадна өөрөө том системийн бүрэлдэхүүн хэсэг байж болно. Хүний оролцоотой систем бүр тодорхой зорилготой байж, бие биеэсээ хамаарсан, уялдаа холбоотой элементүүд, дэд системүүдээс тогтож, хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээлэл хүлээн авч, өөрийн төлөв байдлыг илэрхийлдэг.
Систем бүр өөрийн шинж чанартай байдаг бөгөөд оршин тогтнох хугацааны хувьд ч харилцан адилгүй. Зарим систем урт хугацаагаар оршин тогтнодог байхад зарим нь хэдхэн хором “амьдардаг”. Бүх систем хүрээлэн буй орчноосоо ямар нэгэн биет зүйл, өгөгдөл, мэдээлэл хүлээн авч боловсруулдаг. Системийг хүрээлж буй орчныг системийн орчин гэнэ. Аливаа систем нь хүрээлэн буй орчинтойгоо байнга харилцан үйлчлэлцэж байдаг төдийгүй үйлчлэх орчноосоо хамааран байнга хувьсан өөрчлөгддөг.
Системийг оролт (input), боловсруулалт буюу өөрчлөх үйл ажиллагаа/процесс (processing), гаралт (output) гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс тогтдог хэмээн үздэг.
Мэдээлэл боловсруулалт
Өгөгдлийг боловсруулж мэдээлэл болгон хувиргах үйл ажиллагааг онолын үүднээс авч үзье.Үүнд, “мэдээллийн амьдралын мөчлөг (цикл)” гэсэн ойлголт байдаг. Мэдээллийн амьдралын мөчлөг: өгөгдлийг үр ашигтай мэдээлэл болгон хувиргах өөр хоорондоо харилцан хамаарал бүхий багц үйл
ажиллагаа.