Hicheeldaalgavar
Мэдээлэл зүйн бодлогыг бодох үе шат нь:
1.Бодлогын өгүүлбэрийг сайтар ойлгох;
2.Оролтын болон үр дүнгийн өгөгдлийг тодорхойлох;
3.Бодлогын бодолтыг төлөвлөх, олсон арга, санааг тодорхой жишээн дээр турших, онцгой болон хязгаарын тохиолдлыг олох;
4.Алгоритмыг зохиох, турших гэсэн бүтээлч үйл ажиллагаа юм.
  Ямар ч томоохон асуудлыг хялбар жижиг хэсгүүдэд хуваан шийдэж болдог. Үүний нэгэн адилаар алгоритм, программыг жижиг, хялбар хэсгүүдэд хувааж шийднэ. Алгоритм программын ийм жижиг хэсгийг дэд бодлого гэнэ. Дэд бодлогыг эх бодлогоос тусад нь шийдэж, тэдгээрийг нийлүүлж, анх тавигдсан асуудлыг шийдвэрлэдэг. Ийм аргыг хувааж, нэгтгэх (divide and conquer) арга гэнэ. Томоохон программ боловсруулах үед дэд бодлогууд болгон задалж модулиуд үүсгэдэг. Модулийг хянаж, гарсан алдааг дор бүр нь илрүүлэн засварлахад хялбар байдаг.
Бодлогыг ойлгож, тодорхой болгох
  Бодлогыг бодохын тулд түүнийг судалж ойлгох хэрэгтэй. Энэхүү шатны зорилго нь бодлогын тавилыг судалж ойлгоход оршино. Бодлого буюу асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд түүнийг сайтар таньж мэдсэн байх хэрэгтэй. Асуудлыг таньж мэдэх нь түүнийг шийдвэрлэх анхны шат бөгөөд түүний зорилго нь асуудлыг сайтар тодорхойлоход оршино. Асуулт асуух, ярилцах зэргээр бодлогыг тодорхой болгох хэрэгтэй. Илүү тодорхой болгохын тулд “Бодлогын үндэс нь юу байна вэ?”, “Өгөгдөл нь юу байна вэ?”, “Бодлогыг шийдвэрлэхэд тооцож үзэх хязгаарлалт байна уу?”, “Ямар бодолт байж болох вэ?” зэрэг асуулт тавьж ярилцана.
Асуудлыг шинжлэх
  Асуудлыг шинжлэх нь түүнийг таньж мэдэх, ойлгох өмнөх алхмыг илүү гүнзгийрүүлнэ. Асуудлыг шинжлэх өөр өөр өнцгөөс харж, зөв эсэхийг тогтоохоор бүрэн дүр зургийг гаргах хэрэгтэй. Энэ алхамд бодлогын оролт, бодолт болон гаралтыг тодорхойлно.
Алгоритм зохиох
  Бодлого бодох үйл ажиллагааны алхмуудын төгсгөлөг логикт дарааллыг алгоритм гэдэг. Түүнийг үгээр, блок схемээр, программчлалын хэлээр илэрхийлдэг. Энэ алхамд бодлогыг шийдвэрлэх үйл ажиллагааны дарааллыг тодорхойлно. Өмнөх ангиудад алгоритмыг дүрслэх блок схемийн арга, мөн программчлалын Small Basic хэлний талаар үзсэн.
Тестлэх
  Энэ алхмын зорилго нь алгоритмын зөв эсэхийг оролтын өгөгдлөөр биелүүлж шалган туршихад оршино. Алгоритмыг тодорхой өгөгдөл дээр туршсанаар логикийн алдааг олж болдог. Программын алдааг үг зүйн дүрмийн, программ ажиллах үеийн ба логик гэж ангилж болно. Программыг туршсанаар дүрмийн алдаа, ажиллагааны үеийн алдаа болон логик алдааг илрүүлэх боломжтой. Ямар ч программчлалын хэлэнд программыг тодорхой өгөгдөл дээр алхам алхмаар ажиллуулан турших (debugging) боломж байдаг.
Бодлогын бодолтыг шинжлэн үзэж, ярилцах, өөр бодолтуудыг харьцуулах нь асуудал шийдвэрлэх сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн чухал. Дараах хялбар жишээг авч үзье. Жишээ бодлого 1. Хөгжөөнт паркын хураамжийг үйлчлүүлэгчийн наснаас хамааруулан дараах байдлаар авдаг. Үүнд: - 12-оос доош насны хүүхдэд 3000 - 12-оос 60 хүртэлх насны хүмүүс 6000 - 60-аас дээш насны хүмүүс 2000 нэгж өртгийн хураамж авдаг. Тэгвэл насны мэдээллээс хамааруулан хураамжийн хэмжээг тодорхойлох алгоритм зохионо уу.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)